Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ.
Цэнгэлийн дууг би зөвхөн талаасаа сонслоо.
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа.
Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо харлаа.
Усны тунгалагийг би зөвхөн Туулаасаа амслаа.
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө сурлаа.
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа.
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.
“ЗӨВХӨН МОНГОЛДОО” дуу Завхан нутгаас төрж гарсан билээ. Энэ дууны үгийг бичсэн алдарт яруу найрагч ОТГОНТЭНГЭРИЙН хүү Б.Явуухулан нь миний аавын найз байсан бөгөөд би багадаа аавтайгаа Явуу ахындаа их очдог байлаа. Миний аав, Явуу ах 2 нэг нутгийн насан багын андууд билээ. Явуу ахын бэлэглэсэн “Дэлхий” нэртэй ном одоо болтол надад нандин дурсгал болон хадгалагдсаар байдаг. 23-р сургуулийн урд байх “ЯВУУГИЙН ЦЭЦЭРЛЭГ”-ийн орчимд очих болгондоо би Явуу ахыгаа, бас аавыгаа дурсдаг юм. Тэндээс жаахан цаашлахад Улсын Их Дэлгүүрийн зүүн талд байдаг Явуу ахын амьдарч байсан байр харагдах…...Тэр л байранд аав Явуу ах 2 шатар тоглонгоо хөх пүүшигээ сороод л хорвоогийн сонин хачиныг хөөрөлдөн байсан нь одоо ч миний сэтгэлд тод байдгаа. Балчир бага насандаа аавынхаа ярьж өгдөг байсан олон олон сонин хачиныг амтархан сонссоор байгаад би Монголоороо бахархаж өссөн билээ. “Монголоо хайрладаг аав ”-ыгаа дагаж явдаг аавын охин байлаа.
Зөвхөн МОНГОЛ- д байдаг гайхамшигийн тухай л энд өгүүлэх болно.
Зөвхөн МОНГОЛ- д байдаг гайхамшигийн тухай л энд өгүүлэх болно.
Монгол орон эргэн тойрон өндөр өндөр уул нуруудаар хүрээлүүлэн оршиж байгаа биз. Урд талаараа Кунь Лунь, Их Гималайн өндөр нурууд, зүүн талаараа Их Хянганы, хойд талаараа Саян, Становын, баруун талаараа Алтайн өндөр нуруудаар хүрээлүүлсэн Евроазийн их говийн тэгш өндөрлөгт орших нэгэн хонхорт Монголчууд бид олон зууны турш амьдарч суурьшсаар иржээ. Энэ их өндөр уул нурууд нь манай хонхрыг далайгаас халхалж бид далай тэнгисийн аюулт хар салхи, шуурганаас хамгаалагддаг юм. Энэ л хонхорт Монгол амьдрал буцалж байдаг юм даа. Манай хонхрын түүх намтар, байгаль цаг уур, өвс ургамал, ан амьтан, хүн зоны амьдрал, зан заншил, соёл иргэншил үнэхээр гайхамшигтай дэлхийд цорын ганц байдаг юм. Дэлхийд өөр хаана ч байхгүй олон олон агуу гайхамшигууд зөвхөн энэ л хонхорт, зөвхөн миний Монголд л байдаг юм шүү.
За ингээд Монголын дэлхийд хамгийн, хамгийнтай танилцаж Монголоороо бахархацгаая ! ! ! Энд би зөвхөн өөрийнхөө мэддэгийг л бичнэ. Миний мэдээгүй олон олон хамгийн хамгийн байдаг гэдэг нь мэдээж. Хэрвээ та нарт тийм шинэ мэдээлэл байвал надад туслаарай.
Монгол орон бол дэлхийд хамгийн анх хүн үүссэн өлгий нутгийн нэг
Хүн анх хаана үүссэн тухай эрдэмтэд одоог хүртэл маргасаар байгаа бөгөөд Африкаас гаралтай гэдгийг олонхи эрдэмтэд зөвшин хүлээж байгаа боловч Ази тивээс, түүний дотор Төв Азиас үүссэн гэж үздэг эрдэмтэд нэлээд байгаа юм. 1920-иод оны эхээр Америкийн шинжилгээний анги Монголын говийг 5 жилийн турш судлахдаа Ази тивийн төв хэсэгт бусад газар нутагт хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Энэ таамаглалыг америк, франц, оросын олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг баттай болгох нэгэн баримт нь 1974 онд Орхоны Шаамарааас олдсон мичний яс юм. Энэ яс нь 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ. Хэрвээ хүн мичнээс үүссэн гэдэг нь үнэн бол Монгол орон хүний үүслийн өлгий гэдэг нь дамжиггүй ээ. Сүүлийн үед хүнийг бурхнаас үүсэлтэй гэж үзэх үзэл гарч ирээд байгаа. Оросын эмч, эрдэмтэн Мулдашев энэ үзлийг дэвшүүлж олон ном бичсэн боловч ихэнх эрдэмтэд үүнийг зөвшөөрөхгүй байгаа билээ. Мулдашевийн онолоор хүн бурхнаас үүссэн бол Төвдийн нутаг буюу Гималайгаас хүн үүссэн болох юм гэнэ. Гэхдээ үүнд би нэг л итгэхгүй байгаа. Богд Очирваань уул маань Гималайгаас өмнө олон зуун жилийн өмнө үүссэн гэдэг шүү дээ.
Манайхан ШУчаар судлах л хэрэгтэй байгаа юм даа. Даанч гадныхан ирээд судлаад таамаглал дэмшүүлээд явдаг манайхан ядаж араас нь судлаад явдаггүй, нэг бол тэр гадны судлаачидаа цалинжуулаад ажиллуулж болдоггүй л юм байх даа тэгээд л ганц хоёр сонин сэтгүүлийн нүүр дүүргээд л өнгөрдөг.
ReplyDeleteБаянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт буй Цагаан агуйд хүн үүссэн гэсэн дүгнэлтийг бүр Соц үед Орос эрдэмтэд хийгээд Монголчууд хамт судалгаа хийж байсан гэдэг гэтэл өнөөдөр Цагаан агуй мааань бараг л устаж сүйдсэн сураг гараад байдаг...