Монголчуудын хуримлах ёсон

XIX-XX зууны хуримын хэлбэр XIX зууны сүүлч, XX зууны ихээр Монголын тайж  язгууртны сонирхлын үүднээс гэрлэлт нь зохицуулалтын хандлагатай байсан бөгөөд хүүтэй айл бэр сонгож гэрлүүлэхдээ сүй бэлэг хүргэж албан журмаар хүүхэн авах ёс үйлддэг байжээ. Энэ нь гэрлэлтийн гол хэлбэр байв. Үүний зэрэгцээ өндгөн сүй тавих, хүүхэн оргуулах зэрэг эртний уламжлалт гэрлэлтийн хэлбэрүүдийг өргөн дэлгэр хэрэглэдэг байсан юм. Мөн хошуу ноёны зөвшөөрлөөр гэрлэхээс гадна ардын дунд дэлгэрсэн боож богтлох гэдэг хэллэг нь хүчээр өгөхийг хэлэх ба өглөөний нарнаар хүүхний мэнгэний өнгөтэй даавуугаар нүүрийг бүтээгээд, будаатай цагаан уутыг хоёр гарт нь углан боож авах ёстой байв.
Бэрийн талаас авах инжний хэмжээ хоёр талын харилцан тохиролцсоноор их, бага байж болно. Охиноо гэрлүүлж байгаа айл охиндоо зориулан зүүлт, чимэг, хувцас, гэрийн доторхи тавилга, унах морь, мал, саах үнээ зэргийг бэлтгэж өгнө. Инж нь шинэ айлын хөрөнгөтэй нэгддэг хэдий ч охин хүн түүнийгээ захиран зарцуулах эрх мэдэлтэй, ямар нэгэн тохиолдолд түүнийгээ авч гэртээ буцах эрхтэй байжээ. Үр хүүхдийнхээ нялх балчир байх үед хадаг өгч эр эм болгохыг өндгөн сүй тавих ёсон гэнэ. Отгон хүүхэд нь охин, эсвэл ганц охинтой бол хүргэн оруулдаг ёс бий. Бэр гуйх ёсон Өрх тусгаарлахаас өмнө өдрийн сайныг товлож худ бололцох айлдаа өөрийн зуучаа хадаг, бэлэг сэлттэй илгээн санал хүргүүлнэ. Зууч айлд очоод худ ураг бололцох тухай яриа өдөөж уран цэцэн үгээр санал хэлж хадгийг бурханд тавьж, бэлэг сэлтээ аав, ээжид нь өгдөг. Бүсгүйн тал зөвшөөрсөн бол бэлгийг авч, эс зөвшөөрвөл бэлгийг буцаана. Хадаг тавьж бэлэг өгөөд авсны дараагаас хүүгийн гэрийг бэлтгэж, хагас жил орчим хугацааг өнгөрөөсний дараа хадам аав нь бэрчүүдээсээ ахмадыг юм уу ивээл жилтэйг нь дагуулан хоёр хадаг, идээ будаатай очиж бэрээ албан ёсоор гуйж нэгийг нь бурханд, нөгөөг нь охины аавд барина. Хоёр тал багахан найр дэгдээхийн сацуу сайн өдрийг сонгож хуримын өдрийг товлоно. Товын хугацаа 3-6 сар байна. Ийнхүү сар хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хуримын өдөр болоход нөхөр болох залуу найзуудын хамт мордож эхнэрээ авчирдаг. Мөн эхнэрийн найз бүсгүйчүүд ч дагалдаж ирнэ. Бэрээ авч ирсний дараа аавын гэрт оруулж бэрд бэлтгэсэн дээл хувцсыг өмсүүлээд аавын бурхан тахилд мөргүүлж гал асаалгана. Ийн ёс үйлдээд найрын гэрт орж аав, ээждээ мөргөнө. Ингээд нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад хадам аав, ээж, ирсэн зочдодоо аягалан барина. Дараа нь цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биеийнхээ ядам хуруунд зүүнэ. Эхний галыг нөхөр асаадаг нь “Эцгийн голомтоос гал тасаллаа. Бид энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна”, мөнгөн бөгж солилцдог нь “Бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлж буй хэрэг. Найр үргэлжилсээр харуй бүрий болоход найр ахалж буй хүн найрыг өндөрлүүлнэ. Эхний өдрийн найрыг ийн эрт өндөрлүүлэх нь “Залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог” гэсэн санаа агуулдаг байна. Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад, эхлээд наран мандах зүгт, дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөнө. 
Хуримын ёс заншлыг өдгөө өөр өөрсдийнхөөрөө орчин үетэй зохицуулан бэрийн инжийг оёдлын машин, ор, дэр, бүтээлэг, бүсгүй хүний хэрэглэл хэмээн үзэж гал тогооны сав суулга бүхий эрэгнэг, толь зэргээр орлуулдаг болсон. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байна. Бэр сонгох ёс нь хуримын үйлд багтдаг уламжлалтай бөгөөд хуримын явцад бэр гуйх ёслолд болсон үйл явцыг дурддаг уламжлалтай. 

Хуримын ерөөл 

Зочны ерөөл:
Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж 
Өөдөө ассан галаа бадрааж 
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Айл болж буй… /хуримлагч хоёрын нэрийг хэлнэ/
Тоонот гэрээ барьж
Тулгандаа галаа бадрааж
Түвшин жаргалтай амьдарюу
Өргөө гэрээ барьж
Өнөд жаргалтай амьдарюу
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдлээрэй
Насан туршид хамтран жаргаарай
Зочдод хандах ерөөл: 
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуутивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя гэх зэргээр ерөөдөг байна.

Хуриманд уригдан ирсэн зочид сайн дураараа дуу өдөөж болох бөгөөд дуулах дууныхаа ая дан, шүлэг найрагт анхаарах хэрэгтэй. Найран дээр дуулах дуунууд гүн утга учиртай, аз жаргал хүссэн дуу байна. Хагацаж салсан хайрын тухай дуу, насан өөд болсон ижий, аавын тухай дуу найранд ирсэн зочдод таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна хүйтэн уур амьсгалыг бий болгодог. Тиймээс эрхэм Та хуримын найранд уригдсан бол хэлэх ярихаас гадна дуулах дуугаа зөв сонгох нь чухал юм.

Т.ЗӨНБИЛЭГ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

BizNetwork танилууддаа түгээх

No comments:

Post a Comment